Tuesday, March 29, 2011

ГОВИЙН БҮСЭЭС ШИНЭЭР ИЛЭРСЭН ХАДНЫ СИЙЛМЭЛ ЗУРГИЙН ДУРСГАЛ




Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Ботго ууланд  буй цөөн тооны хадны сийлмэл зургуудыг шинээр судалгааны эргэлтэнд оруулж байна.  Эдгээр зургууд нь хүрэл зэвсгийн үед холбогдох бололтой. Энд буй зонхилох дүрслэл болох “Янгир”-н дүрслэлийг одоогоор бүх Монголын нутгаас илрээд буй бусад “Янгир”-ын зургуудтай харьцуулан үзэхийн зэрэгцээ тус дүрслэлийн тархац, хөгжлийг тогтоож, түүгээр дамжуулан хадны зураг нь (Янгир) эртний хүмүүсийн аж ахуйн өөрчлөлт, хөгжлийн үйл явцыг тусган харуулж буй урт удаан хугацааны хөдөлмөрийн үр дүн юм хэмээх дүгнэлтэд хүрлээ. 
МУИС-ийн Археологийн судалгааны баг 2008 оны зун Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг “Их өвгөн” хэмээх газарт “Өмнөговийн элс” компанийн захиалгаар тус компанийн эзэмшлийн талбайд археологийн хайгуул, малтлага судалгааг хийж, Монголын түүхийн олон үед холбогдох булш оршуулга, хадны сүг зураг сэлтийг шинээр илрүүлжээ. Тэдгээр дурсгалуудаас энэ удаад бид урьд өмнө судлаачдын хараанд өртөөгүй, шинээр олдсон хадны сийлмэл зургуудыг судалгааны эргэлтэнд оруулж байна. Номгон сумын нутаг, “Их өвгөн” уулын салбар болох “Угалз”, “Гүн Хармагтай”, “Ботго” болон зэргэлдээ орших “Мөргөцөг” зэрэг газарт хадны сийлмэл зураг тархсан байх ба тэдгээрээс төлөөлүүлж, энэхүү судалгаанд “Ботго” уулын дүрслэлийг сонгон авлаа.  “Ботго” ууланд буй хадны сүг дүрслэлүүд нь ойр орчмын бусад сийлмэл зургуудтай үйлдсэн арга барил, сэдэв, дүр дүрслэлийн хувьд төстэй байгаа нь тэр орчмын (Угалз, Гүн Хармагтай, Мөргөцөгийн хадны зургууд) хадны зургуудыг төлөөлүүлэн ойлгох боломжтой төдийгүй дээрх сүг зургууд нь нэгэн цаг үед үйлдэгджээ гэдэг урьдчилсан дүгнэлтийг өгч болохоор байв.  Хожим эндээс илрүүлсэн бусад хадны зургийн судалгааг нэгтгэн хэвлүүлэх болно.
Энд хийгдсэн судалгаа тус хээрийн шинжилгээний ангийн тайланд (Түмэн нар 2008) тусгагдсанаас гадна тус уулын баруунтаа орших агуйн зосон зургийн талаар судалгааг нийтлүүлсэн байна (Анхсанаа 2008:156-161). Үүнээс гадна уг хээрийн шинжилгээний ангийн хүрээнд малтан шинжилсэн Их өвгөн 17-р булшны хэрэглэгдэхүүн археологич У.Эрдэнэбатын нэгэн сэдэвт зохиолд (Эрдэнэбат 2009) багтан оржээ.
Байршил: N 42°53'37.1", E 105°32'09.7" Өмнөговь аймгийн Номгон сумын төвөөс зүүн зүг 37 км-т “Их өвгөн” хэмээх цувраа хадан уул оршино. Ботго уул нь “Их өвгөн” уулын урд ганцаар сондгой орших шовх уул бөгөөд түүний оргил хэсэгт хадны сийлмэл зургууд тархжээ. Түүний хойд талын хэсэг өндөрлөг уулыг “Угалз” гэх бөгөөд ойр орчмын уулаар янгир олонтаа тохиолддог. Энд нийт 13 хэсэг газарт сийлэгдсэн зургуудыг баруунаас зүүн тийш нар зөв дугаарлан, хуулбарлан авлаа. Тус зургуудийг боржин чулуун хаднаа бүх биеийг хонхойлон сийлэх аргаар дүрсэлсэн ба цөөн тохиолдолд гадна тэгийг хөвөөлөн цохих аргыг ашиглан үйлджээ. Энд нийт 13 хэсэг газарт 27 сүг, дүрслэл сийлэн үлдээснийг тоймлон үзвэл:            
- Янгирын дүрслэл: Том бага хэмжээгээр сийлсэн 23 янгирын дүрслэл байгаагын дотор нэг янгирын толгой хэсгийг дутуу, эсвэл зөвхөн толгойн дүрслэл, мөн зөвхөн эврийг сийлэн үлдээжээ. Янгируудыг хэд хэдээр хажуу талаас нь дүрслэхдээ тайван явж буй байдалтай дүрсэлжээ. Ийм загвараар сийлэгдсэн янгир, буга, ан амьтдын дүрслэлийг судлаачид хүрэл зэвсгийн үед хамруулан үздэг ажээ.                                                                                             
-Эвэр: Янгирын зөвхөн толгой буюу эврийг дүрсэлсэн 2 зураг байна. Зөвхөн янгир төдийгүй бусад араатан амьтдыг толгой, эвэр зэрэг эрхтнээр нь төлөөлүүлэн дүрслэх дүрслэлийн арга  олон хадны зурагнаа тохиолддог.
-Үхэр: Их биеийг харьцангуй том гэдэстэй, урт нарийн хүзүүтэй, хойд талын 2 хөлийг зөрүүлэн, урд хоёр хөлийг зэрэгцүүлэн, 2 чихийг ямар нэгэн зүйлд анхаарсан байдалтай, сүүлийг газарт шүргүүлэн эвэргүйгээр дүрсэлсэн байна. Биеийн ерөнхий төрхийг ажиглавал мухар үхэр бололтой.
-Үл ойлгогдох дүрслэл: Бэлчиж буй янгирын дунд 2 дугуй дүрсийг сийлсэн байх ба үүнийг судлаачид Нар, Сар, Од эрхэстэй холбон тайлбарласан байдаг. Гэхдээ нар сар хэмээн тайлбарлаж буй энэ дүрслэл олонхи тохиолдолд бүлэг амьтан, хүн, малын хажууд тохиолддог байна. Мөн дээрх дүрсийн хажууд крилл “Н” үсэгтэй төстэй дүрсийг 2 хөндлөн зураасаар холбож,  зүүн доод үзүүрыг гадагш эргүүлэн татсан юу болох нь үл ойлгогдох дүрслэл байна. Үүнтэй төстэй зураг Архангай аймгийн Тариат сумын Цагаан асгатын тохойн хаданд байна. Тэрхүү газарт илийгээ хөхүүлж буй 7 буга, адуу үхэр, буган чулуун хөшөөнд тохиолддог бугануудын дунд сийлэгдсэн байжээ. Санжмятав энэхүү хадны зургын он цагийг тогтоохдоо тамга, тэмдэгний дүрс бус адууны дүр дүрслэлд тулгуурлан хүрэл зэвсгээс эрт үед холбогдох бололтой хэмээжээ. (Санжмятав 1995:  24)
Энд ан гөрөө, эсвэл дайн тулаан, сүсэг бишрэл, зан үйлын холбогдолтой өгүүлэмж байхгүй ба янгирыг сүргээр нь эсвэл зөвхөн эвэр болон толгойг дүрслэн үзүүлсэн дүрслэл нь тухайн амьтныг төлөөлүүлэн зурсан хэрэг бололтой.

            Монголын хадны зураг дахь “Янгир”, түүний эзлэмж
Зөвхөн “Ботго” уул төдийгүй Монгол нутгаас илрээд буй хадны зургын үндсэн дүрслэлүүдийн нэгэнд янгирын өгүүлэмжтэй дүрс зүй ёсоор орох бөгөөд бараг бүх үеийн хадны зургуудад тохиолдох ажээ. “Ботго” ууланд дүрсэлсэнтэй адил хэв маягаар янгирыг дүрсэлсэн зургууд Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг Арвижих (Дорж, Новгородова 1975:33-35),  Завсар уул (Новгородова 1984: 84), Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг Сэврэй уул (Гонгоржав, Энхбат 1997), Булган аймгийн Дашинчилэн сумын Арслант уул (Дорж, Новгородова 1975:22-24), Говь- алтай аймгийн Бигэр сум, Бичигт хад, Увс аймгийн Сагил сум зүүн Турагийн тэрэм, Завхан аймаг Баянхайрхан сум Талын ухаа (Цэвээндорж 1982), хад үзүүр (Цэвээндорж 1995), Өвөрмонголын Urad-ын төв хошууны Jigong Hailestai (NA.DALIN GURIB 2000:70) гэх мэт олон газруудад тохиолдох бөгөөд судлаачид гол төлөв хүрэл зэвсгийн үед холбогдуулан үзсэн байдаг. Ингэхдээ судлаачид янгирын хамтаар дүрслэгдсэн бусад содон дүрслэлүүдэд тулгуурлан он цагыг тогтоосон байдаг аж.
1977 онд Биологич Д.Эрэгдэндавга янгир болон янгир дүрсэлсэн хадны зургийн тархалтын талаар товч өгүүлэл нийтлэхдээ 150 орчим янгирын зурагтай газар буюу уулын систем, аймаг, сумын нэрийг дурьдан одоогийн гэрийн ямаа янгираас үүссэн байж болох тухай санал дэвшүүлсэн байдаг (Эрэгдэндагва 1977: 159-198). Гэхдээ янгирын зургийн дүр дүрслэл, тоо хэмжээний хувьд мөн л анхаарал хандуулаагүй ажээ.
Одоогоор хэвлэгдэн нийтлэгдээд буй хадны зургийн талаарх судалгааны зохиол бүтээлүүдэд “Янгир”-н дүрслэлийг дурьдсан нь 170 орчим болох ба тэдгээрийг нэгтгэн үзэх нь Монголын хадны зургын өгүүлэмжид чухал байр эзлэх “Янгир”-н дүрслэлийн талаарх нэгдмэл ойлголтыг бий болгох боломжтой юм.
Хадны зураг дахь “Янгир”-ын тархалт өнөөгийн Монгол нутгийн төв, баруун, өмнөд бүсийн хадтай, уулархаг нутгаар өргөн тархсан байх бөгөөд зүүн болон зүүн өмнөд бүсээр тохиолдохгүй байна. (Зураг 1)   Энэ нь тус бүс нутагт янгир идээшин нутаглахад тийм ч тохиромжтой бус болон түүнийг хад чулуунаа сийлэн үлдээх боломж хомс байдагтай холбоотой бололтой.
Зураг 14. Монгол нутаг дахь хадны зураг дахь “Янгир”-н тархац (тойм зураг)
Өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэрээс 170 гаруй газарт янгирын дүрслэл олж илрүүлсэн бөгөөд тэдгээрийг судлаачид Палеолит, Мезолит, Энеолит, Хүрэл, Хүннү, эртний Түрэг, Монголын эзэнт гүрний үед холбож үзсэн байх ба хамгийн олон давтамжтай нь Хүрэл зэвсгийн үед тохиож байна.
Хадны зураг эртний хүмүүсийн аж ахуйн хөгжил өөрчлөлтийг илтгэх нь.
Угаас эртний хүмүүс дүрслэх урлагыг сэдэн олох буюу зосоор арслан заан, тэмээн хяруул, савгат хирс зэргийг зуран үлдээж эхэлснээс хойш хадны зургийн сэдэв, төрөл хэлбэр, арга барил хөгжиж, хүрэл зэвсгийн үед ирэхдээ хамгийн дэвшилтэт бүрдлийг олжээ. Дээрх үеэс нааш янгирын дүрслэл төдийгүй хадны зургын утга агуулга хумигдан багассан болох нь тодорхой харагдах ба энэ нь эртний анчин гөрөөчид нүүдэллэх хэв маяг буюу нүүдлийн мал аж ахуйд шилжин орох өнө удаан явагдсан үйл явцыг тодорхой тусган харуулж байна.
Эрхлэх аж ахуй түүнд зохицон төлөвшсөн сэтгэлгээний соёл хадны зурагт нөлөөлсөн нь хадны зургын дүр дүрслэлүүдээс тодорхой харагддаг (Цэвээндорж 2009:396) ба энэхүү үйл явцыг бүхий л түүхэн үеийн хадны зурагт тохиолддог янгирын дүрслэлийн тоо, давтамжаар харуулах боломжтой юм хэмээн үзлээ. Үүний тулд хуучин чулуун зэвсгийн үеэс дундад эртний үе хүртэл хаднаа сийлэгдэн, зурагдсаар ирсэн янгирын дүрслэлийн тоо давтамж, дүрслэх арга барилыг бүдүүвчилсэн байдлаар харуулахыг хичээв.
  
Зураг . Түүхэн үеүд дэхь Янгирын дүрслэл. (Дээрх янгирын зургууд нь судлаачдын тухайн хадны зургын он цаг тогтоох шууд хэрэглэгдэхүүн болоогүйг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл судлаачдын он цагыг тогтоосон хадны зургуудад дагалдах байдлаар дүрслэгдсэн гэсэн үг)
 
Дээрх түүхэн үеүдэд янгирыг дүрслэх арга барил, хэв шинжийн хувьд бага ч атугай ялгаа харагдаж байгаа ба энэ талаар хожим тусгайлан судлах болно.  Дээр өгүүлсэнчлэн тус бүдүүвчид тоо давтамжын ялгаа тод харагдаж байна. Өөрөөр хэлбэл “Янгир”-нь хуучин чулууны дээд үеэс анхлан хаднаа дүрслэгдэж эхэлсэн бөгөөд он цаг наашлах тусам тоо давтамж, хэлбэр дүрслэлийн хувьд өргөжин, олширч улмаар хүрэл зэвсгийн үед оргилдоо хүрч түүнээс нааш аажим буурсаар дундад эртний үед дуусгавар болжээ хэмээх урьдчилсан гаргалгааг хийж болно.
Судлаач Ю.Болдбаатар түүхэн олон үеүдэд зурж, сийлэгдсэн хадны зураг, сүгийн зүйлсийг бүтээх болсон цаад шалтгааныг “Сүглэх ёс”-ны үүднээс тайлбарлаж болох талаар судалгаа хийсний дүнд ...Сүглэх ёс нь хүмүүс ан агнуур голлон эрхэлж байсан эрт цагт (тухайлбал хүрэл зэвсгийн үед) газрын эзэн онгоны шүтлэгт шүтэлцэж тогтсон ёс заншил байгаад хожмын мал аж ахуй болоод хүмүүсийн оюуны хөгжлийн явцад эзлэмж нь багасаж зарим нэгэн зан үйлд хэлбэр төдий үлдэж, басхүү заримд нь орлуулах домын хэлбэрээр хувьсаж үлджээ... (Болдбаатар  2005; 8) гэх буюу мал аж ахуйн түүхэн хөгжилтэй холбоотойгоор сүглэх ёс нь орхигдсон хэмээн үзжээ.
Судлаачид нүүдлийн мал ахуй нь МЭӨ II мянганы сүүлийн хагас I мянганы эхээр Монгол нутагт ноёлох болсон талаар үндсэндээ санал нэг байдаг. Эрдэмтэн Цэрэнханд, Д.Баяр нар нүүдлийн мал аж ахуйн хөгжил нь заримдаг, нүүдлийн болон сонгодог нүүдлийн мал аж ахуйн гэсэн гурван үе дамжсан ба нүүдлийн мал аж ахуй нь хүрэл зэвсгийн үед бүрэлдэж,  дундад эртний үед сонгодог хэлбэрээ олсон гээд  энэ нь зөвхөн малыг нүүдлийн аргаар адгуулах төдий бус түүний үзэл санаанд тулгуурласан оюуны ертөнц төлөвших болсныг өгүүлж буй хэрэг юм ( Цэрэнханд 2006;43) гэсэн нь дээрх таамгыг батлахад дөхөм үзүүлнэ.  
Энэхүү дүгнэлтийг түүхийн олон үед холбогдох “Янгир”-ын дүрслэлээр дамжуулан тайлбарлавал: Хад чулуунаа Янгирыг олон тоогоор дүрсэлж үлдээх нь Монгол нутагт оршин суугчдын эрхлэх аж ахуйг харуулж буй буюу эртний нүүдэлчдийн ан агнуурын гол олз омог Янгир байсан тул үүгээр дамжуулан аж ахуйн өөрчлөлтийг тоймлон харах боломжтой ажээ.
Үеэс үед янгирыг дүрслэх арга барил харьцангүй тогтвортой байсан хэдий ч түүнийг дүрслэх тоо хэмжээ, давтамж багасаж буйн цаад шалтгааныг ан агнуурын аж ахуйгаас мал аж ахуйд шилжих буюу амьжиргааны хэлбэрийн өөрчлөлтөөс хамааран сүглэх буюу хад, чулуун дээр зураг сүг үлдээх явдал багасчээ.
Эртний хүмүүс хуучин чулуун зэвсгийн үеэс хаднаа сүг зураг дүрслэн үлдээх болж, он цаг улирах тусам тоо хэмжээ, утга агуулга нэмэгдэн хүрэл зэвсгийн үед оргилдоо хүрч түүнээс хойш дүрслэл, тоо хэмжээний хувьд хумигдан дундад эртний үед хүрч ирэхдээ хад чулуун дээр сийлэх дүр дүрслэл нь бичээс, бичиг болон төгөлдөршсөн байна.
Эцэст дүгнэхэд “Ботго” уулын хадны зураг болон түүний ойр орчимд үйлдэгдсэн зургууд нь бүгд нэгэн цаг үед үйлдэгдсэн хадны зургын бүлэг дурсгал бөгөөд бусад газарт сийлэгдсэн Хүрэл зэвсгийн үеийн янгирын дүрслэлүүдтэй олон шинжээр адилсаж байгаа тул хүрэл зэвсгийн үед хамааруулан үзэж байна.
Монгол нутгаас олдсон хадны зураг дахь “Янгир”ын эзлэж буй байр сууринд дулдуйдан үзвэл эртний анчин, гөрөөчид хүрэл зэвсгийн үед заримдаг нүүдлийн мал аж ахуй (түүвэрлэх аж ахуй) гаас үйлдвэрлэх буюу нүүдлийн мал аж ахуйд аажмаар шилжин орж, улмаар төгөлдөршсөн буюу дундад эртний үеийг хүрэхдээ түүвэрлэх амь зуулга нүүдлийн мал ахуйд бүрэн байр сууриа тавьж өгчээ гэж үзэж болох юм.
 
               Д.ХАТАНБААТАР  
Тус  өгүүлэл нь Mongolian journal of Anthropology, Archeology and Ethnology. Vol-37 дугаарт хэвлэгджээ.

Ашигласан ном

1.      Анхсанаа.Г “Өмнөговь аймгийн нутгаас олдсон хадны зосон зургийн шинэ дурсгал” 2008, MJAAE.№1(312) Vol 4,fasc 9, т156-161.
2.      Болдбаатар. Ю “Эртний нүүдэлчдийн соёлын зарим дурсгалын учир”. МУИС.Түүх.IV.№245.2005.т8
3.      Гонгоржав.Г, Энхбат.Г “Монгол нутаг дахь түүх соёлын дурсгал” толь бичгийн    
хэрэглэгдэхүүн бүрдүүлэх дөрөвдэхь экспедицийн өдрийн тэмдэглэл.СӨТ.1997.
4.      Дорж.Д, Новгородова.Э.А “Петроглифы Монголий”УБ.1975.т22,24.
5.      Новгородова.Э.А “Мир петроглифов Монголий”1984.т84
6.      Т.Санжмятав “Монголын хадны зураг”1995
7.      Д.Түмэн, М.Эрдэнэ, Д.Хатанбаатар “Өмнөговь аймгийн Номгон сумын Цагаан чулуутад ажилласан археологийн хээрийн шинжилгээний ангийн тайлан” МУИС.ГБСХ.2008 он.
8.      Цогтбаатар.Б, Гэрэлбадрах.ЖБударын чулууны хадны зураг” .АС.т.ХVII.f.5.УБ., 1997. Т66-70.
9.      Цэвээндорж.Д “Нүүдэлчдийн дурсгал судлах ангийн тайлан” ТХГБС.1982.
10.  Цэвээндорж.Д “Нүүдэлчдийн дурсгал судлах ангийн тайлан” ТХГБС.1983.
11.  Цэвээндорж.Д “Хад үзүүрийн зураг” 1995.УБ.SA.tomXV.fasc1.т3-16
12.  Цэвээндорж.Д Монгол алтайн нурууны хадны зураг УБ,2009,т396, МУЕТГ. Буурал
түүхийн жимээр. Л.Лхагва, Ё.Баатарбилэг
13.  Цэрэнханд.Г, Баяр.Д, Өлзийбаяр.С  “Эрт дундад үеийн монголчуудын аж ахуй, соёл” УБ.2006.т43
14.  Эрэгдэндагва.Д Янгир ба хадны зургийн тархалт. АС. т.VII. ф.VII. УБ., 1977. т159-198.
15.  Эрдэнэбат.У Монгол нутагт загалмайтны шашны урсгал нэвтэрч байсан товч түүхээс. 2009. УБ
16.  NA.Dalin Gurib Inner Mongolia’s art of rock carvings.2000..ӨМАХХ.т70
 

0 Сэтгэгдэл:

Post a Comment