Tuesday, March 29, 2011

МӨРГӨЦӨГИЙН ХАДНЫ ЗУРАГ




    Монгол нутагт оршин байсан эртний анчин, нүүдэлчин овог аймгуудын түүхийг нэхэн судлахад хад чулуунаа тэмдэглэн үлдээсэн зураг сэлт асар их үүрэг гүйцэтгэх бөгөөд эрт үеийн аж ахуй болон оюуны тусгалыг шингээн үлдсэн байдаг билээ.

Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг “Цагаан толгой хэмээх газар археологийн хайгуул, малтлага судалгаа [Report 2008] хийж байх үед нутгийн иргэний (Номгон сумын 4-р багийн малчин Х.Батсайхан) мэдээлснээр мөргөцөг хэмээх газарт буй цөөн тооны зургийг очиж үзсэн билээ. Тус хадны зураг нь Номгон сумын төвөөс зүүн зүг 26 км-т тал дунд орших бэсрэг толгойн баруун тийш харсан эгц хаднаа сийлэгдсэн ба нутгийн иргэд мөргөцөг хэмээн нэрлэдэг байна. Энэ бүс нутаг нь Монгол орны физик газарзүйн мужлалын хувьд Говын их мужын умард говийн ухаа, гүвээт талын тойрогт хамаарагдах ажээ. [Цэгмэд  1969: 384]  
Уг дурсгалын ойролцоох “Их өвгөн” уулын салбар болох “Угалз”, “Гүн Хармагтай”, “Ботго уул” зэрэг газарт үүнтэй ижил утга, агуулга бүхий хадны сийлмэл зураг тархсан байдгаас Ботго ууланд байх сийлмэл зургууд [Хатанбаатар 2008:57], Их өвгөн ууланд орших зосон зургийг судалсан судалгааныхаа үр дүнг хэвлүүлсэн байдаг [Анхсанаа 2008:156-161].  Мөн судлаачид тус сумын нутагт орших Хахуулын гол [Эрдэнэбат 2008: 32-56], Долоон уул, уртын гол [МНТСДЗ 1999] зэрэг газраас илэрсэн хадны зургын талаарх судалгааг урьд нийтлүүлжээ.
Мөргөцөгийн хаднаа өөр хоорондоо зайтай 6 дүрслэл байна. Уг зургуудыг бүх талбайгаар нь хонхойлон сийлэх аргыг ашиглан зурсан ба нэгэн янгирыг хийсвэр байдлаар дүрслэхдээ их биеийг бүх талбайгаар нь хонхойлон сийлэх аргаар, толгой хэсгийг хөвөөлөн цоолборлох аргаар зуржээ. Эдгээр зургууд нь хэмжээний хувьд 10-15 см-ийн хооронд хэлбэлзэнэ.  Энд нум харваж буй хүн, янгир, адуу зэрэг дүрслэл байгаагаас гадна нэгэн янгирыг өвөрмөц байдлаар дүрсэлсэн сонирхол татахуйц зураг байх (2) ажээ.
Янгир: Янгирыг энд дүрсэлсэнтэй (Зураг 3,5) адил болхи байдлаар дүрсэлсэн зургууд хүрэл зэвсгийн үеийн хадны зурагнаа олонтаа тохиолддог ба хадны зургын үндсэн дүрслэлүүдийн нэгэнд зүй ёсоор багтдаг. Аливаа ан амьтан, хүн зэргийг хад чулуунаа бодит байдлаар дүрслэх заншил дээд палеолитын үеэс эхлээд дундад зууныг хүртэл Монгол нутагт уламжлагдаж ирсэн боловч түүний үндсэн хэсэг нь хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед хамаарах ажээ [Цэвээндорж 1999: 122].
Янгирыг хажуу талаас нь харсан байдалтайгаар, бүх талбайгаар нь хонхойлон цохиж сийлэх аргаар дүрсэлсэн болхи хадны зургууд Өмнөговь аймгийн Ноён сумын Арвижих [Дорж, Новгородова 1975:33-35],  Завсар уул [Новгородова 1984: 84], Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг Сэврэй уул [Гонгоржав, Энхбат 1997], Булган аймгийн Дашинчилэн сумын Арслант уул [Дорж, Новгородова 1975:33-35], Говь- алтай аймгийн Бигэр сум, Бичигт хад, Увс аймгийн Сагил сум зүүн Турагийн тэрэм, Завхан аймаг Баянхайрхан сум Талын ухаа [Цэвээндорж 1982], Хад үзүүр [Цэвээндорж 1995] зэрэг олон газруудад тохиолдох ба уул зургуудыг хүрэл зэвсгийн үед холбогдуулан үздэг ажээ. 

                                          Мөргөцөгийн хадны зураг
Энд бусад зургаас өөрөөр дүрсэлсэн нэгэн янгирын зураг байна. Уг янгирыг дүрслэхдээ хос эврийг хондлой хүртэл нийлүүлж,  4 хөлийг хооронд нь холбон давхин буй байдалтайгаар дүрсэлжээ. Тус янгирын толгой хэсгийг цохилгүй үлдээсэн байна. Гадна хэлбэр төрхөөс харвал давхиж буй янгирыг урнаар дүрслэн харуулсан байна хэмээн үзэж болохоор агаад ийм аргаар үйлдэгдсэн хадны зургууд нь дүрслэх урлагын хийсвэрлэн зурах төрөлд хамаарагддаг байна.    
Энд буй давхиж буй янгирын (2) өвөрмөц зураг буюу эврийг хондлой сүүл хүртэл татаж, 4 хөлийг хооронд нь холбон зурсан дүүлж буй янгирын зураг нь урьд өмнө Завхан аймгийн Баянхайрхан сумын Талын ухаагын ацын хадны зурагт тохиолдож байжээ. Тэрхүү янгирыг зүүн тийш харуулан дүүлж буй байдалтайгаар эврийг сүүл, хондлойтой, 2 хөлийг хооронд нь холбон зурсан байснаас гадна түүний ойр орчимд эврийг тахиралдуулан сүүлтэй нь холбон зурсан янгирын зургууд олон байдаг ажээ [Цэвээндорж 1999:27].  Янгирыг бодит байдлаар тоймлон зурахдаа эврийг хондлой хүртэл сунган татаж, холбон сийлсэн зургууд Увс аймгийн Сагил сумын Хамуут, Хар хөндийн наран зэрэг газруудаас илэрсэн ба он цагын хувьд хүрэл зэвсгийн үед холбогдуулан үздэг байна. [Мөн тэнд: 42]
Нум барьсан хүн: Нумаа хөвчлөн татсан дайчин эрийн зургийг дангаар дүрслэсэн байх ба нум, сумыг ихэд том буюу хүний их биетэй ижил хэмжээтэй гаргаж, гадна сумын зэвийг ялган үзүүлжээ. Э.А.Новгородова нум болон сүх барьсан дайчин эрсийн зураг дүрслэлүүд нь хүрэл зэвсгийн үеийн хадны зургуудад шинээр бий болсон зүйл гэж үзсэн [Новгородова 1984:166] ба Монголын хүрлийн үеийн хадны зургуудад өргөн тохиолддог дүрслэлүүдийн нэг хэмээн хожим тэмдэглэжээ [Новгородова 1989:167]. Үүнтэй төстэй нум сум барин ан гөрөө хийж буй хүний дүрс бүхий сийлмэл зургууд Архангай аймгийн чулуутын гол [Санжмятав 1993:17], Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гурван шовгор уул [Амартүвшин нар 2008:57-69], Говь алтай аймгийн Тонхил Хуудасны орой, Увс аймгийн Сагил сумын Хамуут,  Хар хөндийн наран, Гурван толгой, Давст сумын Тэхтийн даваа, Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөтөл өтөг [Цэвээндорж 1999:116], Говь Алтай аймгийн Бигэрийн Бичигт толгой [Дорж, Новгородова 1975:67] зэрэг газруудаас олдсон аж. Дээрх зургуудыг судлаачид хүрэл зэвсгийн үед холбогдуулан үзээд ан гөрөө хийж буй дүрслэлийн ангилалд багтаадаг байна. Үүнээс гадна Хөвсгөл аймгийн Баянзүрхийн хүрэл зэвсгийн үед хамрагдах “Сэлэнгийн” хэмээгдэх зосон зурагт дүрслэгдсэн нум барьсан хүний зураг [Санжмятав 1995:17] бидний илрүүлсэн дээрх хүний сийлмэл зурагтай адил байна. Мөн энд дүрслэгдсэн морь унасан хүний бүдэг зураг хийгээд адууны зураг нь Монгол нутгаас илрүүлээд буй хүрэл зэвсгийн үеийн хадны сийлмэл зургуудад олонтаа тохиолдох зургууд билээ.
Эцэст товч дүгнэхэд Мөргөцөгийн хадны зургууд нь Монгол нутгаас илэрсэн хүрэл зэвсгийн үеийн хадны зургуудтай үйлдсэн арга барил, сэдэв агуулгын хувьд ижил төстэй байгаа нь дээрх зургуудыг энэ үед холбогдуулан үзэх боломжийг олгож байна. Эдгээр сийлмэл зургууд нь хэдий тоогоор цөөн, утга агуулгаар багатай байж магад хэдий ч хүрэл зэвсгийн үеийн хадны зургийн судалгаанд зохих хувь нэмэр оруулах нь дамжиггүй юм.

                                                                                                                        Д.Хатанбаатар 

Ном зүй
1. Анхсанаа.Г “Өмнөговь аймгийн нутгаас олдсон хадны зосон зургийн шинэ дурсгал” 2008, MJAAE.№1(312) Vol 4,fasc 9
2. Амартүвшин.Ч, Амгалантөгс.Ц, Галдан.Г  “Гурван шовгор уулын хадны зураг”2008, УБ. SA.tom(VI)XXVI.fasc.3.
3. Гонгоржав.Г, Энхбат.Г “Монгол нутаг дахь түүх соёлын дурсгал” толь бичгийн     хэрэглэгдэхүүн бүрдүүлэх дөрөвдэхь экспедицийн өдрийн тэмдэглэл.СӨТ.1997.
4. Дорж.Д, Новгородова.Э.А “Петроглифы Монголий”УБ.1975.
5. Новгородова.Э.А. Древняя Монголия. 1989.Москва.т167.
6. Новгородова.Э.А “Мир петроглифов Монголий”1984.
7. Хатанбаатар.Д “Ботго уулын хадны зураг” ШУТИС.НТС.ЭШБ.2008 УБ. MJAAE.№1 (312)Vol 4,fasc 9,
8. Санжмятав.Т  Архангай аймгийн нутаг дахь эртний түүх соёлын дурсгал. УБ. 1993.т17
9. Санжмятав.Т  Монголын хадны зураг. УБ. 1995. Табл6,т17.
10. Цэвээндорж.Д., Монголын эртний урлагийн түүх. УБ.1999. т27.табл43
11. Цэвээндорж.Д., “Нүүдэлчдийн дурсгал судлах ангийн тайлан., ТХГБС.1982.
12. Цэвээндорж.Д., Нүүдэлчдийн дурсгал судлах ангийн тайлан., ТХГБС.1983.
13. Цэвээндорж.Д “Хад үзүүрийн зураг” 1995.УБ.SA.tomXV.fasc1.
14. Цэгмэд.Ш Монгол орны физик газарзүй. 1969., УБ
15. Эрдэнэбат.У  “Хахуулын голын хадны зураг”2008, УБ. SA.tom(VI)XXVI.fasc.3
16. Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг “Цагаан толгой” орчимд хийгдсэн археологийн хайгуул, малтлага судалгааны ажлын тайлан.2008.МУИС.ГБСХ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment